top of page

Б.Төгсбаяр: АНУ-д Монголчууд ачаа тээврийн бизнес эрхлэх нь эрс нэмэгдсэн учир илүү их анхаарал дэмжлэг хэрэгтэй гэж харагдсан.  


АНУ-д 20-н жил ачаа тээврийн бизнес эрхэлж байгаа KGI группийн үүсгэн байгуулагч Б.Төгсбаяртай бид энэ удаад энэхүү салбарт орж байгаа Монголчуудад тулгардаг асуудлууд болоод эрсдэлийг тооцоолж даван туулах, амжилтыг бий болгоход туслах туршлага мөн KGI группийн хамт олны санаачлагаар хоёр дахь жилдээ зохион байгуулахаар ажиллаж буй “Safety first” хойд Америк дахь Монгол тээвэрчдийн чуулга уулзалтын талаар ярилцлаа.





АНУ-д ачаа тээврийн бизнес эрхлэгчид маань чуулга уулзалтаа хийх хэмжээний олуулаа болжээ гэдэг юуны өмнө сонирхол их татлаа. Энэ салбар дахь Монголчуудын оролцооны түүх хэзээнээс эхтэй юм бэ? Одоо хэр олуулаа болсон гэж та хэлэх вэ?  

Монголчууд АНУ-д ирж ажил амьдралын гараа эхлүүлснээс хойш 30-аад жил, тракны бизнест хөл тавиад 24-25 жил болж байгаа гэж хэлж болно. Анх намайг 2004 онд энэ бизнест ороход тоотой хэдэн Монгол жолооч байсан. Тэр үеэс эхлээд бусад ажлыг бодвол илүү их орлого олох боломж гэж хараад энэхүү бизнест орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсээр л байна. Одоо Чикагод гэхэд 30-40 компани ойролцоогоор бий шүү. Тэдний 30-40 хувь нь олон жолооч ажиллуулдаг гээд бодохоор тийм ч бага тоо биш юм. Эдгээр хувь хүн болон компаниуд маань ихэвчлэн хуурай тээвэр, задгай тээвэр, хөргүүртэй тээвэр, машин тээвэр зэрэг төрлүүд дээр илүү төвлөрч байна даа.

Таны хувьд 20-иод жил энэхүү салбарт ажилласан байна шүү дээ. Тэгэхээр шууд л ачаа тээврийн салбарт орж байгаа хүмүүст юу зөвлөх вэ? гэж асуумаар санагдаж байна. “Safety first” чуулга уулзалтыг санаачилсан хүний хувьд магадгүй хариулт нь эндээс хөврөх байх. Энэ ажлыг эхлүүлье гэж харсан таны өнцөг юу байсан юм бэ?

Юуны өмнө энэхүү ажлыг хамтран зохион байгуулж байгаа Хойд америк дахь Монгол тээвэрчдийн холбоо, Чикагогийн Монгочуудын бизнесийн зөвлөл хоёрыг дурдах нь зүйтэй юм. Миний тухайд гэвэл ахын хувьд дүүгийн хувьд гээд зөндөө олон хүнд зөвлөх зүйлээ хэлж ярьсаар иржээ. Яахав энэ салбартаа удчихаар чинь тэгээд зорьж асуух хүмүүс мэдээж зөндөө гарч ирж байгаа нь тэр л дээ. Мөн өнгөрсөн 15-н жил тэр дундаа сүүлийн 5-н жил бол АНУ-д Монголчууд тракны жолооч болох, ачаа тээврийн компани байгуулах нь эрс нэмэгдсэн. Харамсалтай нь зарим залуус маань бизнесийн үндэс, зах зээлийн сууриа ойлгохгүй байх, үнэн бодит яг хэрэгтэй мэдээллээ найдвартай эх сурвалжаас олж мэдэж чадалгүй эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарна. Мэдээлэлгүйгээсээ туршлагагүйгээсээ болоод өөртөө жижиг хөрөнгө зараад том эрсдэлээс гарах, сэргийлэх зүйл дээр санаа зовохгүй байх нь ч бий. Даатгал жишээ нь ямар чухал вэ? гэдгийг сайн ойлгохгүй байгаа нь ажиглагдана. Тиймээс ядаж баталгаатай эх сурвалжаас нь энэ бүхнийг нь хүргээд, холбоод явах нь зөв юм байна гээд л анх эхлүүлсэн дээ.

Шууд л том машин бариад их мөнгө олчихно гэсэн үг мэдээж биш байх л даа? Жолооч нарт жишээ нь тулгардаг хамгийн түгээмэл бэрхшээл нь юу байдаг бол?

Мэдээж энэ чинь гэрээсээ хол олон хоног зам дээр явдаг хүнд хөдөлмөр шүү дээ. Тэгэхээр эрүүл мэнд сэтгэл санаандаа анхаарах хэрэгтэй. Хэлний асуудал мөн тулгарна.  Бүх төрлийн гэрээ материалуудаас Монгол хэл дээр хөрвүүлсэн нь өдий хүртэл байхгүй шүү дээ.  Тиймээс сайн ойлгоогүй гэрээнүүд дээр гарын үсгээ зурах болдог. Мөн даатгал гэхэд эх хэл дээрээ байсан ч ойлгоход тийм ч хялбар биш олон төрөл, нөхцөлтэй байна. Тэр бүхнийг нь ойлгоогүйгээс ач холбогдол өгөлгүй орхичихдог ч юм уу. Түрүү жил жишээ нь бидний чуулга уулзалт болохын өмнөхөн өөр мужид нэг залуу ачаа тээвэртээ явж байгаад харамсалай зүйл тохиолдсон нь дуулдсан. Тэгээд л амь даатгалаа гэр бүлдээ хийлгүүлсэн бол уу? гэдэг асуулт  үлдэж байх жишээний. Гэр бүлийн хүмүүс нь ийм үед АНУ-д хэнд хандах уу? Найз руугаа, ах руугаа, танил руугаа гээд л ярина. Гэтэл тэр хүмүүс маань өөрсдөө албан ёсны ч юм уу яах ийх тухай мэдээллийг өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр л бид нэгдэж  санхүү эдийн засаг, хууль эрх зүй, эрүүл мэнд гэх энэ чухал сэдвүүдээ сургаар биш яг хэрэгтэй мэргэжлийн байр сууринаас нь авдаг систем дээр нэгдэх ёстой юм байна гэж бодсон.

Чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Түрүү жилийн чуулга уулзалтын үр дүн танд яаж харагдаж байна вэ? Хүмүүс магадүй талархсан, үр дүнгээ хуваалцсан тохиолдол бий болов уу?

Тэгэлгүй яахав түрүү жилийн оролцсон компани хувь хүмүүс энэ жил бүгд хамгийн түрүүнд оролцох хүсэлтэй байгаагаа дуу нэгтэй илэрхийлсэн. Энэ бол хамгийн наад захын үр дүн шүү дээ. Бизнес дотроо жолооч талдаа бизнесийн удирдлага талдаа ойлголцох зүйл, өөр өөрийн үүрэг хариуцлага, анхаарч сайжруулах зүйлс бий. Энэ бүхнийг гуравдагч талын хүнээс илүү хүлээж авах нь бас бий. Энэ чинь нэг талаараа хүний араншин шүү дээ. Тиймээс экспертүүд буюу нэг ёсондоо туршлагатай “багш” нараар нь энэ бүхнийг хэлүүлж байна гэсэн үг л дээ. 

Энэ жилийн “Safety first” чуулга уулзалтын сэдвүүд ямар байгаа вэ?

Бизнесийн, эрүүл мэндийн, амь насны даатгалуудын тухай ойлголтууд, өвдөлт ба стрессс менежмент, түгээмэл асуудлууд болон АНУ-ын эрүүл мэндийн систем, санхүүгийн эрсдэл ба түүний зохицуулалт, хууль эрхзүйн шинэчлэл зөвлөгөө зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт илтгэл, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байгаа. Мөн уран жолоодлогын тэмцээн, саятан жолооч шалгаруулах зэрэг арга хэмжээнүүд бий.

Ямар болзол хангасан жолооч саятан жолооч гэсэн шагналын эзэн болох боломжой юм бэ? Энэ шагналын утга учрын тухай дэлгэрүүлбэл?

Салбартаа ойролцоогоор 7-н жил тасралтгүй хөдөлмөрлөсөн жолооч ойролцоогоор 1 сая майл туулсан байдаг. Энэ нь дэлхийг 40-н удаа тойрсонтой тэнцэх хэмжээ шүү дээ. Нэг хүний хувьд энэ маш том бүтээмж. Мөн нэг газраа 7-8 жил тогтвортой хариуцлагатай ажиллана гэдэг тухайн компани болоод жолоочийн хувьд бие биедээ маш том хөрөнгө оруулалт байдаг. Тиймээс энэ том амжилтыг урамшуулах үнэ цэнтэй шагналыг бий болгоё гэж зорьсон байгаа.  

Хойд Америк дахь Монгол тээвэрчдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэгийнх нь хувьд энэ холбооны үйл ажиллагааны тухай товчхон мэдээлэл өгвөл?

Товчхондоо энэ холбоо маань гишүүддээ холбоо нь ажилладаг холбоо гэж ойлгож болно. Гишүүддээ хэрэгтэй харилцаа холбоог бизнесийн байгууллагуудтай бий болгож өгөх үүрэгтэй гэсэн үг л дээ.

Та өөрийн компаний үнэт зүйлээ юу гэж тодорхойлох вэ? Ер нь та хэр сайн захирал гэж өөрийгөө дүгнэх вэ?

Сайн захирал гээд хааяа хэлж байсан юм байна \инээв\. Миний хувьд хүнд сайн хүн болъё гэж бодохоосоо илүү хүмүүстэй шударга харилцааг бий болгохыг зорьдог. Комданий үнэт зүйл маань хувь хүн бүрээс шалтгаалдаг. Тэгэхээр мэдээж өдөр бүр ажилдаа ирж байгаа залуус, жолооч нар гээд энэ 30 гаран хүн манай компаний номер нэг үнэт зүйл.

Та хувь хүнийхээ хувьд өөрийгөө бага зэрэг дэлгэрэнгүй танилцуулж болох уу? Ажил амьдралд хандах хандлага энэ хүртэлх явсан зам гээд?

1992 онд сургууль төгсөж гараад 2001 он хүртэл Орос Хятад гээд л бусдын адилаар ганзагын наймаа хийж байлаа. Тэгээд л энд ирээд 22 жил болсон байна.  Бусдаас илүү гайхуулах сонин содон хүн биш ээ. Харин 25, 30, 45-н нас гээд хүрэхээр чинь амьдрал нэг нэг өөр юм бодуулаад тавьчихдаг юм байна. Тэгээд л тэр бодсон санасан бүхнээ утга учиртай зүйл болгочих гээд л үздэг юм байна.

Safety first” арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа хоёр холбоог харахад АНУ-д байгаа Монголчууд   маань бизнесийн хувьд дараагийн үе шатруугаа орсон, олуулаа болсон нь харагдаж байна л даа. Тэгэхээр та энэ салбар үйл ажиллагааныхаа ирээдүйг хэрхэн төсөөл харж байгаа вэ?

Гадаадад байгаа Монголчуудын хувьд магадгүй бид анхны ийм алхмыг хийгээд гарч ирж байгаа байх. Бид мөрөөдөж төлөвлөснөөрөө амжилттай үргэлжлүүлснээр гадаадад байгаа Монголчууд маань эх хэл дээрээ бизнесийн Монгол байгууллагуудаасаа бүх төрлийн үйлчилгээгээ авах, мөн бидэнтэй хамтын ажиллагаатай нэр хүндтэй хуулийн фирмээс эхлээд гадна дотны бүх төрлийн байгууллагуудаас хэрэгтэйгээ сэтгэл тайван сонгох гээд маш чухал үр дүн гарна. Үнэндээ ямар нэгэн хуульч хэрэг боллоо гэхэд мэдэх найдвартай эх сурвалж байхгүй учир гүүгэлдэж хайдаг шүү дээ. Гэтэл тэр хүний тухай сэтгэгдэл жишээ нь яг бодитой юу? үгүй юу? гэдэг хүртэл мэдэхэд хэцүү байдаг.

Гадаадад байгаа Монголчууд маань өөрсдийн байр сууриа олоод цаашлаад үйл ажиллагаа үнэт зүйлээрээ нэгдэж бусад орны коммунититай адил жишгийг бий болгохоор зорьж байгааг харах сайхан байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүье.

 

🚀Тасалбар худалдаанд гарлаа! 

 

🌐Худалдан авах: https://www.xamt.net/events/safety-first 

Суудлын тоо хязгаартай тул та яараарай, тасалбарын үнийн дүнд :


🏛️ Бүх лекцэд суух эрх 

🍛 Өдрийн хоол 

🍹 Коктейль цаг 

🏆 Хоёр дахь өдрийн шагнал гардуулах ёслол ба

🍲 Оройн зоог багтсан


Д.Чанцал

Comments


bottom of page