Чикогагийн Монголчуудын Бизнес Зөвлөлд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой олон асуултууд ирж байна. Та бүхний сонирхсон асуултад Бизнес Зөвлөлийн гишүүн Arch Realty Inc. Arch Mortgage компанийн захирал Р. Сэргэлэн хариуллаа.
Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад тохиромжтой улирал гэж байдаг уу? Анхлан орон сууц худалдаж авахад юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Цар тахал эхлэхийн өмнө өвөл байр авахад үнийн хувьд харьцангуй хямд, хавар болон зун илүү сонголт сайтай байсан бол одоо эдийн засгийн хямрал, үнийн өсөлттэй холбоотойгоор улирал харгалзахгүй зарах байр ховор байна. Анхны удаа орон сууц, байр худалдан авах гэж байгаа хүмүүст эртнээс байр авахаа төлөвлөж хуримтлал үүсгэх, байршлаа зөв сонгох, хүрээлэн буй орчны тав тух зэргийг судлах хэрэгтэй гэж зөвлөе.
Үл хөдлөх хөрөнгийн зээл авахад гаргадаг хамгийн том алдаа юу вэ? Урьдчилгаа мөнгөө банкинд байршуулаагүй байх, орлогын цэвэр эх үүсвэр хангалтгүй мөн зээлийн картандаа их хэмжээний өртэй түүнийгээ төлж дуусгаагүй, кредит оноогоо хангалттай өсгөөгүй байж байр худалдан авдаг.
Үл хөдлөх хөрөнгийн зээлээ төлж чадахгүй болсон гэдгээ мэдэгдсэнээс хойш орон сууц, байрандаа хир удаан хугацаанд амьдарч болох вэ? Иллиной мужид ойролцоогоор 10-15 сарын хугацаанд үүссэн асуудлыг шийдэж байгаа байх.
Үл хөдлөх хөрөнгийн зээл аваад бүрэн төлж чадалгүй ашиггүй зээлд тооцогдсон тохиолдолд дахин зээл авах боломжтой юу? Орон сууц, байр худалдаж аваад зээлээ бүрэн төлж чадалгүй хуураалгасны дараа 3 жил хүлээж байгаад дахин зээл хөөцөлдөж болно.
Үл хөдлөх хөрөнгийн зээлийн даатгал ашигтай юу? Зээлийн даатгалыг зөвхөн 20%-аас бага урьдчилгаа тавьсан тохиолдолд зээл олгогч зайлшгүй шаардлагаар хийлгэнэ. Зээл авч байгаа хүнд бол ашиггүй.
Бизнес зээл авах гэж байгаа хүмүүст ямар шалгуур тавьдаг вэ? Бизнес худалдан авах гэж байгаа хүмүүст 20% болон түүнээс дээш урьдчилгаа мөнгө тавьж чадах санхүүгийн боломж, кредит оноо хангалттай сайн байгаа эсэх мөн тухайн салбарт ажилласан туршлага зэрэг шалгуур тавьдаг.
Бизнес болон үл хөдлөх хөрөнгийн зээлийг хэдэн жилээр олгодог вэ? Бизнес болон үл хөдлөх хөрөнгийн зээлийг 30 хүртэлх жилээр авч болно. Зарим бизнесийн онцлогоос хамааран харилцан адилгүй хугацаагаар олгодог.
Бизнес худалдан авахад юуг голчлон анхаарах хэрэгтэй вэ? Жишээлбэл, үйлчилгээний салбар худалдан авахад чухал зүйлс юу вэ?
Бизнес авахдаа урьдчилсан тооцоог сайн хийх, ажилчдын цалин, түрээсийн мөнгө, сар бүрийн урсгал зардлууд мөн гарч болох эрсдэл зэргийг бодолцох нь зөв байдаг. Сарын болон жилийн орлогын судалгааг анхааралтай үзэх хэрэгтэй. Үйлчилгээний салбар сонирхон бизнес хийхээр төлөвлөж байгаа бол байршил, машины зогсоол, 2 болон түүнээс дээш жил тогтмол орлоготой ажилласан зэрэгт анхаарвал амжилттай болно.
Comments