Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөл болон Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас хамтран 2023 оны 3 дугаар сарын 5-ны өдөр “Коммюнитигийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Чикаго хот орчимд амьдарч буй 50 орчим эмэгтэйчүүд оролцож, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлууд гэсэн хоёр дэд сэдвийн хүрээнд мэдээлэл, санал солилцов.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс дараах уриалгыг АНУ-д амьдарч буй монголчууддаа хандан гаргаж байна. Үүнд:
Монголчууд хамтдаа байхдаа хүчтэй байж ирснийг санаж, хамтач үзэл, багийн үйл ажиллагааг эрхэмлэх, иргэд, төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид бие биенээ дэмжих, хамтран ажиллах бүхий л боломжийг эрэлхийлэх,
Коммюнитигийн хөгжилд хүн бүр идэвхтэй оролцох. Үүнд: Туршлагаа мэдлэг, үр өгөөжтэй мэдээллийг хуваалцах, бие биенээ дэмжих, сонсох, гэхдээ үзэл бодлоо тулгалгүй, нэг талыг баримтлахгүй соёлтой харилцах,
Хүүхдийн хүмүүжил, боловсролд эцэг эхчүүдийн үүрэг туйлын чухал болохыг гүнээ ухамсарлан хүүхдүүддээ бага наснаас нь монгол хэл зааж, монголоор чөлөөтэй ойлгож, харилцдаг болгон сургах, монгол хүн гэсэн сэтгэхүйг төлөвшүүлэх, үе тэнгийн монгол хүүхдүүдтэйгээ танилцан нөхөрлөх боломжийг зориуд бүрдүүлэх,
Монгол коммюнитиг бэхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, суралцах зорилгоор Консулын газар, Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөл болон бусад төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцох, нийгэмд тустай арга хэмжээг санаачлан зохион байгуулах, залуучуудын оролцоог идэвхжүүлэх, татан оролцуулах,
Монгол бизнес эрхлэгчдээ аль болох дэмжин бараа, үйлчилгээг нь хэрэглэх, сурталчлах,
Бизнес эрхлэгчдийн зүгээс коммюнитигээ бэхжүүлэх чиглэлээр санаачилга гарган ажиллах,
АНУ-ын хэмжээнд, муж, хот, дүүргийн зүгээс цөөнх үндэстний коммюнити, бизнес эрхлэгчид, шилжин суурьшигчдийг дэмжих зорилгоор олгодог тусламж, зээлийг авах талаар хамтран ажиллах, холбогдох мэдээллийг хуваалцах,
Эрүүл мэнд бүхнээс чухал болохыг ямагт санаж, эрүүл амьдралын хэвшлийг өөртөө, гэр бүлдээ төлөвшүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдах, шаардлагатай эмнэлэгийн үзлэг шинжилгээг цаг тухайд нь хийлгэж сурах, ажил амралтаа зохицуулах,
Гэр бүлийн харилцаандаа анхаарч эрүүл харилцааг дээдлэх, гэр бүлдээ цаг гаргах
Аливаа хэлбэрийн хүчирхийлэлд байгаа, орж болзошгүй монгол иргэний талаар мэдээлэл авсан бол Консулын газарт даруй мэдээлэх, хүчирхийллийн эсрэг тэмцдэг бусад байгууллагатай холбоо барихыг зөвлөх,
Монгол Улсаас АНУ-д экспортлох барааны нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд бизнес эрхлэгчид илүү ойр хамтран ажиллах,
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд АНУ-ын туршлага, технологийг ашигласан төсөл хэрэгжүүлж, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорих
Comments