Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Коммюнитигийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” уулзалт, хэлэлцүүлэгийг Монгол улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газартай хамтран амжилттай зохион байгуулж Чикаго хот орчимд амьдардаг 40 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.
Консул Т.Батцэцэг хэлэлцүүлгийг нээж, өнөөгийн Монгол коммюнитигийн байдал, цаашид юунд анхаарах, хэрхэн ажиллах талаар Консулын зүгээс өөрийн байр суурийг илэрхийллээ.
Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлийн дэд тэргүүн Л.Болортуяа байгууллагаа танилцуулж хэлэлцүүлгийн зорилго, уриалга гаргах ач холбогдолын талаар дурдлаа.
Тус хэлэлцүүлэгт урилгаар Иллинойс мужын Худалдааны газрын Цөөнх үндэстний бизнес эрхлэгчдийг дэмжих албаны менежер Michelle Lura White оролцож эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож болох боломж, тусламж хөнгөлөлттэй зээл, мөн үнэ төлбөргүй зөвлөгөө байдаг талаар мэдээлэл өглөө.
Мөн бидний урилгаар Northwestern их сургуулийн судлаач Я.Борчулуун оролцож “Хиймэл оюун ухаанд суурилсан бизнес шийдэл” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж орчин үеийн технологийн дэвшилтэд суурилан хийгдэж байгаа сүүлийн үеийн шийдлүүд юу болох талаар болон ирээдүйд ямар чиглэлээр суралцвал илүү зохистой байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
Дараагийн зочин спикер АнглоФрэйт компанийн захирал, Экспортын олон улсын худалдааны төвийн үүсгэн байгуулагч Д.Оюунбилэг “Нэмүү өртөг шингэсэн экспортын боломж, эко системийг бий болгох нь” сэдвээр өөрийн илтгэлдээ өнөөдрийн Монгол улсаас хилийн чанадад гаргаж байгаа экспортын хэмжээг бусад орныхтой харьцуулан танилцуулж мөн бидэнд ямар боломж байгааг дурдан хүн бүрийн оролцоог уриаллаа.
Эмч нарын холбооны тэргүүн Н.Нямсүрэн АНУ-д ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүд бидний эрүүл мэндийн талаар мэдээлэл өгч зөвлөмж хүргэлээ.
Хэлэлцүүлэгт оролцсон бүх эмэгтэйчүүд өөрсдийгөө танилцуулан өөрсдийн санал санаачлагаа дэвшүүлж, Монгол коммюнитиг бэхжүүлэх, тулгарч буй эрүүл мэнд, нийгмийн асуудлуудыг хамтран шийдвэрлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хамтран ажиллах боломжуудыг ярилцан Монгол коммюнитидаа хандсан уриалга гаргахад санал нэгдлээ.
Хэлэлцүүлэгт оролцсон бүх эмэгтэйчүүддээ Чикаго хот орчмын Бизнесийн Зөвлөлөөс гүн талархал илэрхийлэе.
Comments